785 мянган өрхийг цахилгаанаар хангах салхин станц байгуулж байна

 

Нидерландын эрх баригчид өөрийн оронд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор далайн эргийн хамгийн том салхин станц байгуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийсэн “Gemini” салхин хүрээлэнд Нидерландын хойд эргийн дагуу 85 км орчим үргэлжлэх газарт 150 салхин хөдөлгүүр байрлуулжээ. Төслийн хүрээнд салхин станцаар 600 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж, 785 000 айл өрхийг эрчим хүчээр хангах юм.

2010 онд уг салхин цэцэрлэгийг анх санаачилсан бөгөөд 3 тэрбум ам.долларын төсөв төлөвлөжээ. Төсөл дээр Канадын сэргээгдэх эрчим хүчний “Northland Power”, салхин хөдөлгүүр үйлдвэрлэгч “Siemens Wind Power”, далайн эргийн ажил гүйцэтгэгч “Van Oord”, хог хаягдал дахин боловсруулдаг “HVC” зэрэг компаниуд хамтран ажилласан байна.

“Төслийн ажил одоогоор үйл ажиллагааны шатандаа явж байна. Маш их ажиллагаа шаардсан, төвөгтэй төсөл л дөө. Ялангуяа задгай тэнгист ийм хүрээлэн байгуулах нь хэцүү. Тээвэр ложистикийн асуудлаас эхлээд…” хэмээн компанийн удирдах зөвлөлийн дарга Маттиас Хааг ярьсан юм.

Ирэх 15 жилийн хугацаанд “Gemini” салхин хүрээлэн нь тус улсын нийт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийн 13 хувийг, салхин эрчим хүчний 25 хувийг үйлдвэрлэнэ гэсэн тооцоог гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь 1,5 сая хүний эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадалтай болно гэсэн үг.

Түүнчлэн уг станц нь нүүрсхүчлийн хийг 1.25 тэрбум тонн хэмжээгээр бууруулах юм. Тус улсын Эдийн засгийн хэрэг эрхлэг яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар Нидерландын эрчим хүчний хэрэглээний 95 хувийг шатдаг түлшээр үйлдвэрлэдэг аж. 2025 он гэхэд нийт эрчим хүчний 14 хувийг цэвэр эх үүсвэрээр хангах гэж буй Нидерланд улс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн 0 ялгаруулалттай орон болохоор зорьжээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд тус улс дэлхийн бусад орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.