“НОЁН ТРЕЙД” ХХК-ИЙН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Ноён Трейд” ХХК-ийн эзэмшиж, ажиллуулдаг цахим худалдааны платформоор дамжуулан барилгын материал, тоног төхөөрөмж, орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Хэрэглэгч нь тус платформд бүртгүүлэх, бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл үзэх, захиалга өгөх, худалдан авалт хийх замаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3. Энэхүү нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

  • Компани: Цахим худалдааны платформыг эзэмшиж, ажиллуулж буй “Ноён Трейд” ХХК.
  • Платформ: “Ноён Трейд” ХХК-ийн ажиллуулдаг барилгын материал, орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, захиалга, төлбөр тооцоог цахимаар зохион байгуулах вебсайт болон түүнтэй холбоотой систем.
  • Худалдагч: Платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгө худалдах, борлуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд.
  • Хэрэглэгч: Платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүн, орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авч, захиалга өгч, худалдан авч буй иргэн, хуулийн этгээд.
  • Бараа бүтээгдэхүүн: Барилгын материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон платформд байршуулсан бусад бүтээгдэхүүн.
  • Үл хөдлөх хөрөнгө: Орон сууц, барилга байгууламж болон платформд худалдахаар байршуулсан бусад үл хөдлөх хөрөнгө.

1.4. Хэрэглэгч нь платформыг ашиглахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.

1.5. “Ноён Трейд” ХХК нь платформын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэглэгч болон худалдагчийн хоорондын худалдаа, захиалгын харилцааг цахимаар холбох, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

 

 

ХОЁР. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ

2.1. Платформд худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн үнэ, үзүүлэлт, зураг, тайлбар, байршил, хэмжээ болон бусад холбогдох мэдээллийг худалдагч байршуулна.

2.2. Худалдагч нь платформд байршуулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хууль ёсны байдлыг бүрэн хариуцна.

2.3. Бараа бүтээгдэхүүний мэдээлэлд дараах зүйлсийг тусгана. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, загвар;
  • Хэмжээ, үзүүлэлт, техникийн тодорхойлолт;
  • Нэгж үнэ болон НӨАТ шингэсэн эсэх;
  • Барааны үлдэгдэл, бэлэн байгаа эсэх;
  • Хүргэлтийн нөхцөл, хугацаа;
  • Баталгаат хугацаа болон буцаалтын нөхцөл.

2.4. Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлд дараах зүйлсийг тусгана. Үүнд:

  • Орон сууцны байршил, барилгын нэр;
  • Өрөөний тоо, талбайн хэмжээ, давхар;
  • Нэгж талбайн болон нийт үнэ;
  • Барилгын ашиглалтад орсон эсэх;
  • Улсын комиссын дүгнэлт болон холбогдох бичиг баримтын мэдээлэл;
  • Төлбөрийн нөхцөл, урьдчилгаа төлбөр;
  • Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөл.

2.5. “Ноён Трейд” ХХК нь худалдагчийн байршуулсан мэдээллийг хянах, шаардлагатай тохиолдолд засварлуулах, устгах, платформд байршуулахыг түр зогсоох эрхтэй.

ГУРАВ. ЗАХИАЛГА ӨГӨХ, БАТАЛГААЖУУЛАХ

3.1. Хэрэглэгч нь платформд байршуулсан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийг сонгон, захиалгын мэдээллийг үнэн зөв бөглөж захиалга өгнө.

3.2. Захиалга өгсөн нь тухайн бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлт гаргасанд тооцогдоно.

3.3. Худалдагч нь захиалгыг хүлээн авч, барааны үлдэгдэл, үнэ, хүргэлтийн нөхцөл болон бусад шаардлагатай мэдээллийг шалгасны дараа захиалгыг баталгаажуулна.

3.4. Захиалга баталгаажсан тухай мэдээллийг хэрэглэгчид цахим шуудан, утас, мессеж болон платформын бусад боломжит сувгаар хүргүүлж болно.

3.5. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл дууссан, мэдээлэл зөрүүтэй, үнэ өөрчлөгдсөн болон бусад үндэслэлтэй тохиолдолд худалдагч захиалгыг цуцлах, эсхүл хэрэглэгчтэй тохиролцон өөрчлөх эрхтэй.

3.6. Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн захиалга нь худалдагчийн баталгаажуулалт болон талуудын хооронд байгуулах худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийн дагуу хэрэгжинэ.

3.7.      Хэрэглэгч нь захиалга өгөхдөө өөрийн овог, нэр, регистрийн дугаар, паспортын мэдээлэл, холбоо барих утас, цахим шуудан болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв гаргаж өгнө.

3.8.      “Ноён Трейд” ХХК нь захиалагчийн мэдээлэл, иргэний үнэмлэх болон паспортын мэдээллийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг шаардах эрхтэй.

3.9       Хэрэглэгчийн хувийн мэдээллийг захиалга боловсруулах, гэрээ байгуулах, төлбөр тооцоо хийх болон холбогдох хууль ёсны шаардлагыг биелүүлэх зорилгоор ашиглана.

ДӨРӨВ. ЦАХИМААР ЗАХИАЛГА ӨГӨХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

4.1.      Хэрэглэгч нь цахим платформоор дамжуулан орон сууц сонгох, захиалгын хүсэлт илгээх, төлбөрийн нөхцөлтэй танилцах болон захиалгаа баталгаажуулах боломжтой.

4.2.      Орон сууц захиалсан нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсхүл өмчлөх эрх шилжсэн гэж автоматаар тооцогдохгүй.

4.3.      Худалдах, худалдан авах гэрээг цахим хэлбэрээр эсхүл хуульд нийцсэн бусад хэлбэрээр байгуулж болно. Гэрээнд гарын үсэг зурах, цахим гарын үсэг ашиглах, баталгаажуулах болон эх хувийг хүргүүлэх шаардлагыг холбогдох хууль тогтоомж, гэрээний нөхцөлийн дагуу мөрдөнө.

4.4.      Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч Монгол Улсад байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээ байгуулах, бичиг баримт бүрдүүлэх болон орон сууц хүлээн авах ажиллагааг гүйцэтгүүлж болно. Итгэмжлэлийн хэлбэр, баталгаажуулалт болон хүлээн зөвшөөрөх нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтооно.

ТАВ. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

5.1. Платформд байршуулсан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн үнийг худалдагч тогтооно.

5.2. Бараа бүтээгдэхүүний үнэ нь тухайн бүтээгдэхүүний мэдээлэлд заасан нөхцөлийн дагуу хүчинтэй байна. Хүргэлтийн төлбөр болон бусад нэмэлт зардлыг тусад нь тооцох бол хэрэглэгчид урьдчилан мэдээлнэ.

5.3. Хэрэглэгч нь захиалга хийхдээ платформд заасан төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлнө.

5.4. Төлбөр төлөгдсөн тухай баталгаажуулалт хийгдсэний дараа захиалгыг төлбөр төлөгдсөнд тооцно.

5.5. Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг урьдчилгаа төлбөр, хэсэгчилсэн төлбөр, банкны зээл болон талуудын тохиролцсон бусад хэлбэрээр төлж болно.

5.6. Орон сууц худалдан авах төлбөрийн хуваарь, урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөр болон бусад нөхцөлийг худалдах, худалдан авах гэрээнд тусгана.

5.7. Төлбөр буцаан олгох тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийн худалдах нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг баримтална.

5.8.      Гадаадаас Монгол Улс руу төлбөр шилжүүлэхтэй холбоотой банкны шимтгэл, олон улсын гуйвуулгын зардал болон валютын ханшийн зөрүүг хэрэглэгч хариуцна.

 

ЗУРГАА. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТ, ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

6.1. Бараа бүтээгдэхүүний хүргэлтийг худалдагч өөрөө эсхүл гэрээт хүргэлтийн байгууллага гүйцэтгэж болно.

6.2. Хүргэлтийн хугацаа, төлбөр, хүргэлт хийх байршил болон бусад нөхцөлийг захиалга баталгаажуулах үед хэрэглэгчид мэдээлнэ.

6.3. Хэрэглэгч нь захиалга өгөхдөө хүргэлтийн хаяг, холбоо барих утас болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулна.

6.4. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа хэрэглэгч нь барааны тоо хэмжээ, нэр төрөл, гаднах бүрэн бүтэн байдлыг шалгана.

6.5. Хүргэлтийн явцад бараа бүтээгдэхүүн гэмтсэн, дутуу ирсэн болон захиалгатай зөрүүтэй тохиолдолд хэрэглэгч нь худалдагчид нэн даруй мэдэгдэнэ.

6.6. Овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй болон тусгай тээвэрлэлт шаардсан барилгын материалын хүргэлтийн нөхцөлийг худалдагч болон хэрэглэгч харилцан тохиролцоно.

6.7.      Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа, барилгын ашиглалтад орох нөхцөл, өмчлөх эрхийн бүртгэл болон бусад холбогдох нөхцөлийг худалдах, худалдан авах гэрээнд тусгана.

6.8.      Хэрэглэгч Монгол Улсад биечлэн ирэх боломжгүй бол орон сууц хүлээн авах болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ажиллагааг зохих эрх бүхий төлөөлөгчөөр гүйцэтгүүлж болно.
6.9.      Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу гүйцэтгэнэ. Шаардлагатай бичиг баримт, бүртгэлийн нөхцөлийг хэрэглэгчид урьдчилан мэдээлнэ.

ДОЛОО. ОРОН СУУЦ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУДАЛДАА

7.1. Платформд байршуулсан орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл нь хэрэглэгчид тухайн хөрөнгийн талаар мэдээлэл өгөх, худалдан авах хүсэлт гаргах боломж олгох зорилготой.

7.2. Худалдагч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, эрхийн бүртгэл, ашиглалтын байдал болон худалдах эрхтэй холбоотой мэдээллийг үнэн зөв байршуулна.

7.3. Хэрэглэгч нь орон сууц болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаас өмнө тухайн хөрөнгийн байршил, талбайн хэмжээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл болон бусад холбогдох бичиг баримтыг шалгах эрхтэй.

7.4. Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг худалдагч болон худалдан авагч харилцан тохиролцож байгуулна.

7.5. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх болон холбогдох бусад ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

7.6. Орон сууцны захиалга баталгаажсан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд талуудын хооронд үүсэх эрх, үүргийг тухайн захиалгын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.7. “Ноён Трейд” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний тал биш бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдагч, худалдан авагчийн хооронд үүссэн гэрээний үүргийг хариуцахгүй. Гэхдээ хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

НАЙМ. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТ, СОЛИЛЦОО, ГОМДОЛ

7.1. Хэрэглэгч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүн доголдолтой, гэмтэлтэй, захиалсан бүтээгдэхүүнээс зөрүүтэй тохиолдолд худалдагчид гомдол гаргах эрхтэй.

7.2. Бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих болон төлбөр буцаан олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж болон худалдагчийн нийтэлсэн буцаалтын нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.

7.3. Хэрэглэгч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа илэрсэн доголдлын талаар холбогдох нотлох баримтын хамт худалдагчид мэдэгдэнэ.

7.4. Бараа бүтээгдэхүүний буцаалт, солилцооны тээврийн зардлыг хэн хариуцахыг тухайн буцаалтын үндэслэл болон талуудын тохиролцоонд үндэслэн шийдвэрлэнэ.

7.5. Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа хэрэглэгчийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд барааны үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл болон бусад шимтгэл, буцаалтын хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч тус тус төлнө.

НАЙМ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

8.1. Хэрэглэгч дараах эрхтэй. Үүнд:

  • Платформд байршуулсан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлтэй танилцах;
  • Бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн талаар нэмэлт мэдээлэл авах;
  • Захиалга өгөх, төлбөр төлөх;
  • Худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн талаар гомдол гаргах;
  • Хувийн мэдээллээ хамгаалуулах;
  • Холбогдох хууль тогтоомжид заасан бусад эрхээ эдлэх.

8.2. Хэрэглэгч дараах үүрэгтэй. Үүнд:

  • Бүртгүүлэх болон захиалга өгөхдөө үнэн зөв мэдээлэл оруулах;
  • Төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх;
  • Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа шалгах;
  • Платформыг хууль бус зорилгоор ашиглахгүй байх;
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх.

ЕС. “НОЁН ТРЕЙД” ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9.1. “Ноён Трейд” ХХК дараах эрхтэй. Үүнд:

  • Платформын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх;
  • Худалдагчийн байршуулсан мэдээллийг хянах;
  • Хууль зөрчсөн, худал мэдээлэл агуулсан болон хэрэглэгчийг төөрөгдүүлж болзошгүй мэдээллийг устгах;
  • Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн эрхийг хязгаарлах;
  • Платформын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн шинэчлэл хийх.

9.2. “Ноён Трейд” ХХК дараах үүрэгтэй. Үүнд:

  • Платформын хэвийн ажиллагааг хангах;
  • Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;
  • Захиалга, төлбөрийн мэдээллийг холбогдох журмын дагуу боловсруулах;
  • Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
  • Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх.

9.3. “Ноён Трейд” ХХК нь худалдагчийн байршуулсан бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хянах боловч тухайн мэдээллийн үнэн зөв, бараа бүтээгдэхүүний чанар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон худалдах, худалдан авах гэрээний үүргийг шууд хариуцахгүй. Гэхдээ хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

АРАВ. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

10.1. Платформын загвар, лого, программ хангамж, текст, зураг болон бусад агуулгын оюуны өмчийн эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.

10.2. Хэрэглэгч болон худалдагч нь платформд байршуулсан бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн зураг, текст болон бусад материалыг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх үүрэгтэй.

АРВАН НЭГ. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

11.1. Хэрэглэгч, худалдагч болон “Ноён Трейд” ХХК-ийн хооронд үүссэн санал зөрөлдөөн, маргааныг эхний ээлжид харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

11.2. Харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага болон шүүхэд хандана.

11.3. Хэрэглэгч нь бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө болон үйлчилгээтэй холбоотой гомдол, санал хүсэлтээ платформд заасан холбоо барих сувгаар хүргүүлж болно.

АРВАН ХОЁР. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

12.1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг, гал түймэр, дайн, хорио цээр, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр болон талуудын хяналтаас үл хамаарах бусад нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн тал үүргээ биелүүлээгүйд тооцогдохгүй.

12.2. Давагдашгүй хүчин зүйл үүссэн тал нь нөгөө талдаа боломжит хугацаанд мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлыг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авна.

АРВАН ГУРАВ. БУСАД НӨХЦӨЛ

13.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь платформд бүртгүүлсэн болон платформоор дамжуулан үйлчилгээ авч буй бүх хэрэглэгчид хамаарна.

13.2. “Ноён Трейд” ХХК нь шаардлагатай тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг платформд нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

13.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.